Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр сумдад идлэг шонхор барих үйл ажиллагаанд хяналт тавив


Архангай аймгийн БОАЖГ-ын даргын  баталсан 16 тоот удирдамжийн дагуу есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр сумдад МХГ-тай хамтран ажиллаж байгаа юм байна. БОАЖ-ын сайдын 205, 411 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, хууль дүрэм журмыг сурталчлах зорилготой ажлын хэсэг дараах ажлыг гүйцэтгэжээ. Шонхор шувуу барихаар тус сумдад ажиллаж байгаа гадаадын иргэдийн үйл ажиллагаанд байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч (БОУБ) нартай хамтран хяналт тавьж, хяналтыг цаашид сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө. Өгийнуур сумын Өгий багийн нутаг Цагаан хөтөл, Хөөврийн зүүн хойд энгэр, Тоглох багийн Улаан толгойд байрлаж буй хоёр отог, Батцэнгэл сумын Хөнөг багт Азарга, Хөнөг зэрэг газарт байрлаж байгаа отгуудын үйл ажиллагаанд хяналт тавижээ. Өгийнуур сумын Хөөврийн зүүн хойд энгэрт байрлаж байсан 20110002 тоот гэрээт отог зөрчилгүй ажиллаж, байрласан газар нутгаа цэвэрлэн сумын удирдлагуудад акт, протоколоор хүлээлгэж өгөөд буцсан байна. Цагаан хөтөлд байрласан 2011004 тоот гэрээт отог үйл ажиллагаагаа хэвийн явуулж, буцах бэлтгэлээ хийж байлаа. Отог 12 шонхор барьсан, буцахдаа зарим шонхрыг акт үйлдэн буцааж тавина гэсэн мэдээлэл өгсөн. Отог бүр 8-10 тооны шонхор барьж, журмын дагуу арчлан маллаж байна. Тэдгээрийн олонхийг сум орон нутгийн төлөөлөгчдийг байлцуулан акт протокол үйлдэн буцааж тавихаа отгууд мэдээлжээ. Идлэг шонхор барих гэрээ байгуулагч этгээдийн мэдэлд ажиллаж буй отгийн тоо, ахлагчийн нэр зэрэг нь тодорхой бус, авто тээврийн хэрэгсэлд тусгай наалт тэмдэг наагаагүй зэрэг нийтлэг дутагдлууд хяналт шалгалтын явцад илэрчээ. Иймд отгуудын ахлагч нарт Монгол Улсын хууль дүрэм, холбогдох журмыг чанд мөрдөн ажиллаж, мэдээ тайлангаа тогтмол өгөхийг үүрэг болгожээ.