Төв аймаг орох замд Нисэхийн өмнөх аманд байдаг овоо тахилгатай энэ давааг Айдасын даваа хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл яагаад ийн нэрлэх болсныг та мэдэх үү. Урьд нь Бээжин ороход, тэндээс Нийслэл хүрээнд ирэхэд дайрдаг гол даваа байжээ. Аянчин, жинчин, төрийн өндөр хэргэм цолтой түшмэд хүрээнд ирэхэд нь энд угтдаг, үддэг байв. Тэр үеийн Манж Чин улсын түшмэд ихэмсэг дээрэнгүй, ямаан омогтой олон бараа бологч дагуулан ирдэг ажээ. Угтаж байгаа хүрээний түшмэд өөрөөс нь дэв зиндаа доогуур байвал бүр ч их ширүүн дүр эсгэн, дээрэлхдэг байсан гэнэ. Энэ занг нь мэддэг түшмэд ихэд айсан, хүндэтгэсэн дүр үзүүлж, хоорондоо “Өнөө айдас рүйдэс чинь ирлээ” хэмээн хошигнон угтдаг байснаас Айдасын даваа гэх болсон юм.