УИХ-аас баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө Засгийн газрын өмнө бий. Хөтөлбөрийн хүрээнд Биокомбинат, Нисэх, Яармагийн хороолол болон Эрдэнэт, Дархан, Зуунмод, Сүхбаатар, Алтай, Арвайхээр хотод ус хангамжийн шинэ эх үүсвэрийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах ёстой юм байна. Дархан-Уул аймгийн Шарын гол, Өвөрхангайн Хархорин, Дорноговийн Замын-Үүд суманд ч эл хөтөлбөр хамаатай гэнэ. Үүнээс гадна суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэл хийж, ашиглалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Толгойт дахь төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийж, хаягдал усыг эргүүлж ашиглан стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлэх ажээ. Энэ дагуу Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр тунгаагуур болон био цөөрөм шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах тендер зарлажээ. Мөн нийслэлийн ундны ус хангамжийн нэмэгдүүлэх зорилгоор Гачууртад хоногт 25000 метр куб ус татах шинэ эх үүсвэр барихаар судалгааны ажил хийж дууссан байна. Хөтөлбөрийн эхний шат 2010-2015, хоёрдугаар шат 2016- 2021 он хүртэл үргэлжлэх юм.