Монгол хонь Алтайн нурууны цасыг хайлуулж байна


ОХУ-ын эрдэмтэд Алтайн нурууны мөнх цас хайлж эхэллээ хэмээн түгшүүр зарлаж байна. Тэдний үзэж буйгаар мөс хайлж байгаагийн гол буруутан нь Монголын хонь гэнэ. ОХУ-ын “Голос Россий” цахим хуудсанд “Монголд 40 сая хонь байгаа нь тус улсын нутаг дэвсгэрт байх ёстой хэмжээнээс хавьгүй давсан тоо.

Бэлчээр хүрэлцэхгүй байгаагаас хээр тал цөлжин, дулаан салхи үүсэж байна. Энэ салхи уулын оргилд хүрснээр ууланд цаг агаар дулааран, мөс хайлж байгаа гэж эрдэмтэд үзжээ. Монголоос ирж байгаа дулаан салхины аюулын талаар саяхан Монголын Хөдөө аж ахуйн их сургууль болон ОХУын судалгааны хүрээлэнгийн хамтарсан семинараар авч хэлэлцсэн гэнэ.

ОХУ-ын “Алтай XXI зуун” сангийн тэргүүн Михаил Шишин “Энэ байдлаас гарах арга зам бий. Хээр талын цөлжилт болж байгаа нэгэн гол хүчин зүйл бол эдийн засаг. Монгол орон бүтээгдэхүүнээ Орост биш Хятадад гаргадаг болоод байгаа. Хятадад арьс шир, ноолуур гаргахын тулд хонь ямаа хэрэгтэй. Харин энэ амьтад өвс ногоог үндэстэй нь идэж бэлчээр сүйтгэдэг. Тэгэхээр мэдээж цөлжилт бололгүй яахав” хэмээн ярьсан байна.