Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг босгосон хөшөөг нээх ёслол болсон байна. Хөшөөний нээлтэд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИх-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцжээ. Эл хөшөө нь 12 метрийн өндөртэй бөгөөд Өвөрхангай аймгийн урчууд бүтээжээ. Өндөр гэгээний сэрэг дүрийг бүтээхдээ зүүн гарт нь өөрийнх нь бүтээсэн соёмбо үсгийг атгуулж, баруун гараараа монгол түмэнд адис хүртээж байгааг билигдэн, судар бариулсан байна. Хөрөнгийг улсын төсвөөс гаргасан бөгөөд нийтдээ нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан ажээ.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү дээрх арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Өндөр гэгээн Занабазар нь Өвөрхангайчуудын төдийгүй Монгол түмний бахархал юм. Тийм ч учраас монгол түмний хандиваар энэхүү сэрэг дүр бүтээгдсэн гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, Өвөрхангай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг болж байна. Энэ утгаараа гадаад, дотоодоос ирж буй олон жуулчны хувьд сэтгэл бишрэн үзэх уран баримал бүтээгдсэн нь онцгой үйл явдал болж байна” гэж тэмдэглэсэн байна.