“Мөрөөдлөөс амьдрал руу ”аялалд залуусыг урьж байна.

       

“Гэрлэх ёслолын ордон” дурлалт хосуудад зориулан “Гэрлэлт бүрийн жаргалтай ирээдүйн төлөө” уриатай  “Мөрөөдлөөс амьдрал руу” хэмээх зуны аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд оролцогчдыг ирэх сарын 4-н хүртэл бүртгэх бөгөөд хосууд эх орныхоо түүх, соёлын дурсгалт газруудаар олон сонирхолтой хөтөлбөрийн дагуу таван өдрийн турш аялах гэнэ. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт газар авсантай холбогдуулж, шинээр хамтын амьдрал зохиож буй хосуудад гэр бүл төлөвлөлт болон айл гэрийн халуун дулаан уур амьсгалыг хэрхэн бүрдүүлж, хүүхдэд зөв хүмүүжил олгох талаар сургалт, семинарыг аяллын үеэр зохион байгуулах юм байна. Гэрлэх ёслолын ордонд жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-нд 108 хос амьдралаа холбодгийг бэлгэдэн аялагчдыг мөн адил тоогоор хязгаарласан ч насны хязгаар заагаагүй юм байна. Хайр сэтгэлийн нандин холбоогоо батжуулахыг хүссэн хэн боловч уг үйл ажиллагаанд оролцох эрхтэй ажээ. Энэхүү аяллыг БОАЖЯ болон АПУ компани дэмжиж, NTV, SBN, UBS зэрэг телевизээр аяллын тухай арван удаагийн цуврал нэвтрүүлэг цацах юм байна. Зохион байгуулагчид ирэх сарын 10 гэхэд замд гарахаар төлөвлөсөн бөгөөд нэг хос 300 000 төгрөгийн зардлаар аялах боломжтой. Монголд анх удаа гэж хэлж болох хосын аяллыг энэ жилээс эхлэн жил бүр хоёр удаа уламжлал болгон явуулах ажээ. Харин ирэх жил Гэрлэх ёслолын ордны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү төрсөн өдөртөө зориулан Орос, Өвөрмонгол, Буриад зэрэг улстай хамтран олон улсын хосуудын хил дамнасан аяллыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.