Равжаа хутагтын үүсгэн байгуулсан Хамарын хийдэд Монголын хамгийн том суваргыг бүтээн босгожээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр уг суваргын нээлтийн ёслол энэ сарын 10-нд болсон байна. Говийн догшин ноён хутагт 1823 онд энэ суваргыг бүтээжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Өвгөн суваргыг сэргээн бүтээх ажил нодлин жилийн 7 дугаар сараас эхэлсэн ажээ. Энэ суваргын 5 талд нь Бурхан багшийн таван дүр заларч байгаа ба дээрээ соёмботой, Монгол гэрийн хэлбэрийг дуурайлган бүтээсэн ба анх Ноён хутагт тэгж бүтээсэн гэдэг байна. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, гэр бараа зэрэг зүйлийг шүншигт нь хийсэн ажээ. Тухайлбал, таван ханатай гэр хоёрыг иж бүрэн тавилга, бурхан шүтээн, торго дурдан гээд айлд юу байдаг тэр бүгдийг хийж шүншиглэн суварга дотор барьсан байна. Үүнээс гадна суваргын шүншигт долоон тонн арц оржээ. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирсан ажээ. Мөн дээрээ олон суваргын чуулгатэй юм байна. Түүнээс доош танхим руу утас орсон байх ба үзүүрт нь том очир байгаа гэнэ. Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очир байх ба түүнд мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.