Түүхэн гэрэл зургийн цоморлиг “Энх тунх Эрдэнэзуу”


Монголын хамгийн анхны буддын шашны хийд болох Эрдэнэзуугийн 160 гаруй түүхэн гэрэл зургийг дэлгэсэн үзэсгэлэн болон “Энх тунх Эрдэнэзуу” номын нээлт өнгөрсөн баасан гаригт Богд хааны ордон музейд боллоо. Тус хийдэд 20 гаруй жил шавилж, Эрдэнэзуугийн түүхийг судалсан Х.Баасансүрэн лам гурван жилийн турш гадаад, дотоодын архив, номын сангаас гэрэл зураг цуглуулж “Энх тунх Эрдэнэзуу” гэрэл зургийн цомгийг хэвлүүлсэн ажээ.

Түүний номын нээлтэд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын бурхан шашны дээд сургуулийн захирал Ш.Сонинбаяр нарын шашны зүтгэлтэн болон эрдэмтэд оролцсон байна. Эрдэнэзуу хийдийн үүсэл Уйгарын үетэй холбоотой ажээ. Хожим нь их, бага хаадын үед сүм устаж үгүй болсон ч 1580-аад онд Автай сан хааны санаачилгаар сэргээж, 1500 орчим ламтайгаар үйл ажиллагаагаа явуулах болжээ. Их хэлмэгдүүлэлтийн үед азаар бүрэн бүтэн үлдэж, сүсэгтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр бурхан шүтээнээ хадгалж хоцорсон энэ хийд өдгөө Монголыг зорьсон жуулчдын хамгийн ихээр зочилдог газар болсон билээ.