“Ухаа худаг”-ийн цахилгаан станц энэ сарын 24-нд нээгдэнэ


Өнгөрсөн зургадугаар сард Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон билээ. Тэгвэл тун удахгүй Ухаахудагт монгол инженерүүдийн барьж буй 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орох юм байна. Өмнөговь аймгийн цахилгааны нийт хэрэгцээ гурван мегаватт ажээ. Тус цахилгаан станц нь говь нутгийн онцлогийг харгалзан ус бага хэрэглэдэг, хөргөлтийн систем нэвтрүүлсэн, байгаль орчны стандартад бүрэн нийцсэн гэх давуу талтай гэнэ. Мөн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 220 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуур босгох ёслолын ажиллагаа энэ сарын 23-нд Мандалговьд болох ажээ. Дашрамд дурдахад, баяжуулах үйлдвэр гурван хэсгээс бүрдэх агаад тус бүр нь жилд таван сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай юм байна.