Цоохор ирвэс хамгаалах хөтөлбөр боловсруулах тухай зөвлөлгөөн Улаангомд болжээ. Дэлхийн ховорд тооцогддог цоохор ирвэсийг хамгаалах үүднээс уг хөтөлбөрийн эхний хэсгийг 2000-2010 онд хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэс нутагладаг газрууд, тухайлбал Түргэний уулын арын хэсгийг бэлчээрээс чөлөөлж, айлуудын өвөлжөөг нүүлгэн шилжүүлснээс гадна иргэдийн амьтан хамгаалах ухамсарыг дээшлүүлжээ. “Одоогоор яг хичнээн цоохор ирвэс амьдарч байгааг тогтоосон нарийн судалгаа байхгүй. Үүнийг бид хөтөлбөрийн дараагийн шатанд хийх болно” хэмээн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог мэдээлсэн байна.
Зөвлөлгөөнөөр Увс аймгийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэж, 2012-2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ хүрээнд генетикийн судалгаа хийхээс гадна камер тавьж ирвэснүүдийн зургийг авах зэргээр тоо толгойг нь нарийн тогтоох ажээ. Түүнчлэн Туватай хиллэдэг Цагаан шувуутын нурууны дархан цаазат газар орчмоор нутагладаг цоохор ирвэсүүдийг тус улстай хамтран хамгаалахаар төлөвлөсөн байна.