Бурхант буюу Бурхан Халдун Уул

Монголын түүхэн дурсгалт газруудын нэг бол яах аргагүй байгалийн үзэсгэлэнт цогцолбор бүрдсэн Бурхан Халдун Уул юм. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Чингис хаан буюу Тэмүүжиний мэндэлсэн Дэлүүн болдогоос баруун хойш 20 гаруй км-т Баянхаан нэртэй хайрхан байдаг. Ой мод, хад асгаар битүү бүрхэгдсэн энэ үзэсгэлэнт уулын ар хормой төрөл бүрийн жимсний модоор нэн баялаг юмаа. Түүнчлэн хандгай, буга, баавгай, хүдэр гээд олон төрөл зүйлийн нэн ховор, ховор амьтан, жигүүртний орон билээ. Баянхаан уулын тухай эрт цагаас яригдаж ирсэн түүх домог байдаг. Уг уул нь Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргил буюу гурван уулнаас бүрддэг. Бурхант нь эрт дээр цагт бүтээсэн бурхантай байсан гэлцдэг. Зүүн талын Шургадайг Тэмүүжин дайснаас зугтаж нуугдсан уул тул ийнхүү нэрлэсэн ажээ. Харин урд уулын Оргойт нь эрт цагийн нэгэн  том бөөгийн оргойг бөөгийн эдлэл хэрэглэл нуусан тул ийн нэрлэсэн домогтой. Бурхант уулыг одоогоос 60, 70-аад жилийн өмнөөс Бурхан Халдун хэмээн нэрлэх болсон талаар нутгийнхан ярьдаг байна. Бурхан халдуны тогтоц нь маш өвөрмөц сонин содон юм. Тэнд очсон хэний ч сэтгэлийг хөдөлгөмөөр үзэсгэлэн төгс энэ хайрханыг дээр үед Угтамын хийдийн гэгээн энэ нутагт ирж бэлд нь овоо босгон гурван жил тутам тахидаг болжээ. Үүнээс хойш Баянхаан гэж нэрлэсэн түүхтэй юм байна.