Тэрхийн цагаан нуурын төсөл хэрэгжиж эхэллээ


Улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх "Тэрхийн цагаан нуурын усан орчны судалгаа, хамгаалалт" төсөл долоодугаар сарын сүүлчээс хэрэгжиж эхэллээ. Тус төслөөр Тэрхийн цагаан нуурын усан орчны судалгааг нарийвчлан хийж бохирдлыг нь тодорхойлох, цаашид унаган төрхийг нь хамгаалахад төвийн мэргэжлийн лаборатори бүхий эрдэм шинжилгээний байгууллагууд, Тариат сумын ЗДТГ, нутгийн иргэдийн оролцоотой уг ажлыг гүйцэтгэх ажээ. Төслийн хүрээнд зөвхөн усан орчин төдийгүй Тэрхийн цагаан нуурын байгаль орчны нарийвчилсан судалгааг ч хийх юм байна. Тус төслийн тендерт шалгарсан ус, цаг уурын хөгжлийг дэмжих төвийн Архангай дахь салбар Төрийн бус байгууллагын багийнхан арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд ажлаа дуусган нэгтгэн тайлагнаж зөвлөмж гаргах юм байна. Одоогоор төслийг хэрэгжүүлэх үйлсэд ШУА-ын харьяа геоэкологийн хүрээлэн, ЦУОШГ-ын харьяа УЦУХ, БОХЗТЛ, "Инженер геодизи" ХХК зэрэг байгууллагууд шинжилгээ судалгаа туршилтын ажлаа хийж эхлээд байна. Энэхүү төслийн эцсийн зорилго нь 'Тэрхийн цагаан нуур"-ын судлалын станц байгуулах, нуурын унаган төрхийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог дээшлүүлж, нөхөрлөл байгуулахад чиглэгдэж байгаа ажээ.