Улсын мөрдөн байцаах газартай хамтран “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг шалгасан дүнгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлжээ. Төв, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Булган аймагт хийсэн уг шалгалтад 73 аж ахуйн нэгжийг хамруулж, 55.2 сая төгрөгийн торгууль ногдуулан, хууль бусаар олборлосон 710.6 грамм алтыг хураан авч улсын орлого болгожээ. Үйл ажиллагааг нь зогсоосон компаниуд шалгалтынхныг явмагц лацаа дур мэдэн хөндөж, олборлолтоо үргэлжлүүлсэн зөрчил Архангай аймгийн Цэнхэр суманд гарсныг МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Батбаяр мэдээллэсэн байна. Орхонд цутгадаг голуудын уснаас дээж авч, наймдугаар сарын 17-нд Мэргэжлийн хяналтын төв лабораторид хийлгэсэн шинжилгээгээр Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммоний 7.7, Будант голд төмөр 1.99, аммоний 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммоний 0.5 мг-аар их байгаа нь илэрчээ.