Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 4096 бөхийн барилдааны бэлтгэл ажил ид явагдаж байна. Өнөөдрийн байдлаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Б.Ганбаатар, улсын заан Б.Лхагвасүрэн, М.Өсөхбаяр, харцага Ж.Бор, Ө.Даваабаатар нарын 600 орчим бөх бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл энэ сарын 15-ны өдөр дуусах юм байна.
Хотын бөхчүүдийн бүртгэл наймдугаар сарын 24-нд эхэлсэн агаад энэ сарын 12 хүртэл бүртгэх ажээ. Мэдүүлгээр урьдчилан бүртгэхгүй юм байна. Учир нь 17-нд өмсгөлөө өмссөн 4096 бөхийг нэгэн зэрэг жагсааж Гиннесийн номын редакцийн бие төлөөлөгчид албан ёсоор тоолж, бүртгэх аж.
Энэхүү барилдаанд барилдах бөхчүүд зодог шуудаг, малгайтайгаа нээлтийн ажиллагаанд жагсаж гарах юм байна. Нээлт энэ сарын 17-ны өдрийн 14 цагт эхлэх агаад бөхчүүдийг дөрвөн хаалгаар зохион байгуулалттай ёслол төгөлдөр орж ирэхээр төлөвлөжээ.