Булган аймгийн Баяннуурын бунхнаас олдсон олдворуудыг цагдаагийн өндөржүүлсэн хамгааллалтайгаар Хархорины музей руу хүргэсэн байна. Одоогийн байдлаар уг бунхнаас нийт 270 орчим эд зүйлс олдоод байгаа юм байна. Малтлага судалгааны явцад ховор нандин, цаг хугацааг нь тогтооход хүндрэлтэй олон зүйл олдсоор байгаа ажээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Түрэгийн үеийн 18 алтан зоос нь 48 болсон байна. Төмөр карказаар хийсэн барималууд, 80 см өндөртэй морьтой баатарын баримал, латин үсэгтэй зоос нэмэгдээд байгаа юм. Налайхын уурхайгаас очсон бэхэлгээний багийнхан бэхэлгээ хийсэн ч нуралт үүссээр байгаа учир Казахстанаас хуучны эд зүйлсийг сэргээн засварладаг шуурхай багийг дуудуулаад байгаа гэнэ. Сэргээн засварлах багийнхан маргааш Улаанбаатарт ирнэ. Уг багийнхан бунхны нуралтыг зогсоохоос гадна, ханын ховор зураг зэрэг бусад зүйлийг сэргээх, хадгалахад хэрэгтэй зүйлсийг авчирах ажээ. Мөн ханын зургийг хадгалахын тулд ОХУ руу 300 л тусгай бодис захиалсан байна. Бунхныг Монгол-Казахстаны баг илрүүлэн хамтран ажиллаж байгаа билээ. Тухайн бунхан Түрэгийн хаант улсын үеийнх гэдгийг эхний ээлжинд тогтоосон ч Казахстаны талаас олдворуудыг булаацалдахгүй харин хамтран ажиллаад хадгалалт хамгаалалтад нь анхаарна гэсэн байна. Энэ тухай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр твиттертээ дурдсан байна. Дэлхийд хосгүй ховор олдвор олдсон тул дэлхийн өвд бүртгэж, хадгалалт, хамгаалалтад анхаарна уу хэмээн туслалцаа хүссэн захидлыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Боковад илгээсэн байна.