Булган аймгийн Баяннуур
сумын нутгаас МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг Монгол-Казахын
хамтарсан экспедиц илрүүлж, архелогийн малтлага хийсний үр дүнд түүх соёлын
үнэт олдворууд олоод байгаа
билээ. Хэдхэн хоногийн өмнө хоёр улсын
эрдэмтэд бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст бунхны
хаалганд тулж хүрээд байгааг мэдээлсэн билээ. Долоон метрийн гүнд байгаа энэхүү
бунханд хүрэх хонгил нь 2 метрийн өргөнтэй, 40 шахам метр урт нүсэр том
байгууламж юм. Хонгилын хоёр талын ханаар луу, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг
дарцаг, үхрийн толгой зэргийг улаан хар өнгөөр зурж дүрсэлсэн нь гайхалтай
тод томруун хадгалагдан үлдсэн ажээ. Бунхны хаалганд тулж очоод байсан архелогчид
бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч
иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байсны нэгийг нь эрдэмтэд
судалж эхлээд байна. Үлдсэн тахилын сүмийн алтаар чимэглэсэн алтан цоожтой
модон хаалгыг хараахан нээж үзээгүй байна. Энэхүү хоёр тахилын сүмийн голд
байгаа бунхны үүдийг нээх бэлтгэл ажил одоогоор хийгдэж байгаа гэнэ. Одоо бунхны
дотор 1500 жил хуримтлагдсан хортой агаарыг гадагш соруулж цэвэр агаараар
сэлбэх ажил ид хийгдэж байгаа юм байна. Үүний дараа бунхны үүдийг нээж, бунхан
дотор бэхэлгээ хийсний дараа судалгааны ажил явагдаж эхлэх юм байна. Бэхэлгээ
хийхгүй бол нуралт үүсэж магадгүй бөгөөд бунхны үүдэнд зогсож байхад бунхны
таазнаас сул шороо асгарах чимээ үе үе сонсогдож байгаа ажээ. Бунханд бэхэлгээ
хийлгэхээр Налайхын уурхайгаас мэргэжлийн баг ирүүлэхээр болжээ Ямартаа ч тун
удахгүй 1500 жилийн өмнөх түүх соёлын үнэт дурсгалын нууц дэлгэгдэх нь тодорхой
боллоо.