Байгаль хамгаалагчид хамтарсан шалгалт хийдэг болно

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Байгаль хамгаалах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Богд уулын дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран Богд хан уулын Төр хурахын аманд байгаль хамгаалагчдын сургалт зөвлөгөөн, нөхөрсөг уулзалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр байгаль хамгаалагчдад шинээр батлагдан гарсан дүрэм журам, заавар болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн голомтот халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тухай гарын авлага материалаар хангажээ. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ур чадвар шалгах, газрын зураг дээр байршил тогтоох, байршил зүй тогтоогч багажаар тэмдэглэсэн газрыг тогтоох зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажилласан байна. Мэргэжлийн уралдаан тэмцээний дараа байгаль хамгаалагчдын авхаалж самбаа, хүч чадлыг сорих гурван төрлийн тэмцээнийг зохион байгуулж, манлайлагчдыг шагнаж урамшуулжээ. Энэ удаагийн өдөрлөгт нийт 100 гаруй байгаль хамгаалагчид, ажилтан, албан хаагч оролцжээ. Өдөрлөгийн гол онцлог нь хил залгаа ажилладаг байгаль хамгаалагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг орон нутагтаа зохион байгуулах, харилцан туршлага солилцох явдал байсан байна.