ГАНГАР ХУН ХОВОРДСООР БАЙНА


 Жил бүрийн намар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг Ганга нууранд 1000 хун ирж чуулан, халуун орныг зорьдог байсан. Харин сүүлийн жилүүдэд Ганга нууранд чуулдаг хун шувууд ховор үзэгдэх болжээ. Манай орны тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусдаг гангар хун дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг. 8-20 кг жинтэй хун шувуу далавчаа дэлгэсэн үедээ 205-275 см урт болдог, томоохон шувуудын тоонд багтана. Тэд ихэнх цагийг усанд өнгөрөөдөг бөгөөд нисэхдээ усны мандал дээгүүр гүйж эрчээ авах нь үзэсгэлэнтэй, бас сүртэй. Хэдэн зуун бээрийг туулан нисэж, нүүдэллэдэг гангар хун сүүлийн жилүүдэд ийнхүү ховордох болсны шалтгаан нь тодорхойгүй байгаа ч шувуу судлаачид олон зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал, нүүдлийн шувуудаар дамжин шувууны томуу тархах болсон тул шувуудыг олноор устгах, нүүдлийг нь хорихоос гадна уур амьсгалын өөрчлөлт ч ихээхэн нөлөөлж байгаа ажээ. Манай улс гангар хун хэмээх энэхүү үзэсгэлэнтэй шувууг Ан агнуурын тухай хуулиар агнахыг хориглодог билээ.