Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдад хяналт, шалгалт хийжээ

Архангай аймгийн БОАЖГ, Мэргэжлийн Хяналтын Газрын хамтарсан ажлын хэсэг Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдад ажиллав. Засгийн газраас баталсан Загас хамгаалах, өсгөх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, Ан агнуурын тухай болон Амьтны аймгийн тухай хууль, БОАЖ-ын сайдын 205,411 дүгээр тушаалуудын дагуу хууль бус агналтыг зогсоох, хууль дүрэм журам сурталчлах зорилгоор ийнхүү сумдад хяналт шалгалт хийжээ.

Эхний ээлжинд Өгийнуур сум дахь Д.Эрдэнэбатын эрхэлдэг “Загас” нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус нөхөрлөл загас хамгаалах, зүй зохистой ашиглах зорилготойгоор ажилладаг. Зөвшөөрөгдсөн хугацаанд эргүүл хийж хууль бус агналттай тэмцэх, загасны үржлийн үед агналт хийлгэхгүй байх, загас барихдаа хориотой арга хэрэгсэл ашиглахгүй байх, батлагдсан технологи мөрдөх, үржлийн гол цэг газруудыг хяналтдаа авч холбогдох хүмүүст шуурхай мэдээлэл хүргэх талаар тус нөхөрлөлийнхөнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн Өгий нуурын орчимд тойрон аялал жуулчлал, эко гэр ажиллуулж байгаа 10 аж ахуй нэгжийн загас барих зөвшөөрөл, эрхийн бичгийн бичилт, олголт зэрэгт хяналт тавьсан байна. Эрхийн бичигт загасны тоо хэмжээг бичээгүй зөрчил шалгалтын явцад илэрснийг залруулан, зохих зааварчилгаанууд өгчээ. Загас барьж яваа 25 иргэнийг шалгахад 20 нь эрхийн бичигтэй, 5 нь эрхийн бичиг авах талаарх ойлголт мэдээлэлгүй байсан тул байгаль хамгаалагчаар эрхийн бичиг олгуулж зөрчлийг арилгасан байна. Үүний зэрэгцээ БОАЖ-ын сайдын 411 дүгээр тушаалын дагуу эргүүл шалгалтыг эрчимжүүлэхээр дээрх сумдын байгаль хамгаалагч, БОУБ нартай хамтран тухайн сумын тарваганы тархацтай сумдаар эргүүл хийжээ.

Харин Өгийнуур сумын Өгий багт зөрчил илрээгүй. Өлзийт сумын Ямаат Байшир, Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутгуудад хийсэн шалгалтаар тарвага агнахыг завдсан таван иргэнийг саатуулж, МХГ-ын байцаагч холбогдох арга хэмжээ авсан байна. Эргүүлийн явцад эзэн тодорхойгүй 15 урхи хураажээ. Орон нутагт ажиллах хугацаандаа айл өрх, иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, 200 гаруй санамж тараасан байна. Мөн шонхор агнах, барих отог байрласантай холбогдуулан сумдын засаг дарга, БОУБ, байгаль хамгаалагчдад Сайдын А-205 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх аргачлал, заавар зөвлөгөө өгчээ. Түүнчлэн, Монгол Улсын холбогдох хуулиуд, хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл, журмыг мөрдөн ажиллаагүй, гэрээ байгуулаагүй тохиолдолд шонхор бариулахгүйг Өгийнуур суманд буусан төв отгийн ахлагчдад анхааруулсан байна.