Ашигт малтмалын газраас энэ онд уул
уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр таван үндэсний стандарт батлуулсан. Түүнчлэн
15 аймгийн 56 сумыг хамарсан 5000 гаруй нэгж талбайд уул уурхай үйлдвэрлэлийн
улмаас эвдэрсэн газрын тооллогыг анх удаа явуулсан байна. Энэхүү тооллогын
дүнгээр Монголын нутаг дэвсгэрийн 3984.46 га талбайд эвдрэл орсныг тогтоожээ.
Харин энэ оны гуравдугаар улиралд багтаан Увс, Баянөлгий аймгийн эвдэрч сүйдсэн
газрын судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр баруун аймгууд тооллогод бүрэн
хамрагдаж дуусах ажээ. Харин одоогоор ашигт малтмалын газраас энэ оны эхний
хагас жилд Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгуудад уг тооллогоо явуулж байгаа
юм. Мөн нийт эвдрэлд орох талбайн хэмжээг 1291.9 га гэж тооцоолж байгаа бөгөөд
нөхөн сэргээлт хийх 1123.4 га талбай байгаа гэнэ. Энэхүү ажилд
5881.8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах
чиглэлийн үйл ажиллагаанд 7174.3 сая төгрөг төлөвлөн ажиллаж байна.