Ажлын цагийн менежментэд өөрчлөлт орж нийслэлийн төр, захиргааны байгууллагынхны ажил өглөөний 08:00 цагт эхлэхээр болсон билээ. Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, бүх хороод НИТХТ-дийн тогтоолд хамрагдах юм байна. Түүнчлэн ажил тарах цагийг 17.00 болгосон байна.
“Ажлын цагийг 8.00 цагт эхлүүлж байх талаар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр санаачилж, судалгаа хийж, Засгийн газарт танилцуулан, бүх газруудын дарга нараас санал асуусны үндсэн дээр НИТХ-д санал өргөн барьсан. Энэ дагуу НИТХ хуралдаж тогтоол гаргалаа. Ажлын цагт өөрчлөлт оруулсанаар төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, 9.00 цагт бусад газрын ажлын цаг эхлэхээс өмнө нийслэлийн төр захиргааны байгууллагаас үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлэх, цаашилбал замын хөдөлгөөний оргил ачааллыг бууруулах боломж бүрдэх юм. Ялангуяа цагийн менежементэд өөрчлөлт орсон байгууллагууд ажлын цагийн хуваариа шинэчилж, бүртгэлд хяналт тавьж ажиллах ёстой. Ер нь төрийн үйлчилгээ 8.00 цагт эхэлнэ гэж ойлгоорой” хэмээн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг үүрэг болгожээ.
Замын цагдаагийн дарга Х.Энхжаргал “Түгжрэл бууруулдаг олон улсын туршлагуудын нэг цагийн хуваарийн менежемент байдаг. Нийслэлийн хувьд оргил ачаалал нь 8.20-9.30 цагт байдаг. 167 байгууллагын 9000 гаруй албан хаагч өглөө 8.00 цагт ажилдаа ирэх болж байгаа. Ингэснээр түгжрэлийг 10 хувиар бууруулах судалгаа гаргасан” гэж мэдээллээ.