Тулгар төрийн түүхийг дэлгэсэн “Хүннүгийн өв соёл”


Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийг ойд зориулж Ойг тэмдэглэх үндэсний хороо, Монголын үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гаригт олны хүртээл болгожээ. Хүннү гүрний түүхэнд холбогдох анхны дурсгалыг 1924 онд олж байсан ба үүнээс хойш 2010 он хүртэл илрүүлсэн 300 гаруй дурсгал, эд өлгийн зүйлийг нэгтгэсэн уг үзэсгэлэнгийн ихэнх үзмэр нь судлагдаагүй гэдгээрээ онцлогтой юм байна. Тухайлбал, энэ оны 7 дугаар сарын 28-нд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи угсаатны зүйн хүрээлэнгийнхэн 2009 онд Ноён уулын малтлагаар илэрсэн 50 гаруй олдворыг сэргээн засварласнаа Монголын талд хүлээлгэн өгснийг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Төв аймгийн Ноён уул, Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Манхан сумын нутгаас илрүүлсэн эсгий ширдэг, торгон нэхмэл, алт, мөнгөн чимэглэл, хоолны хэрэгсэл, үр тарианы сав зэрэг ховор нандин үзмэрүүдийг энэ оныг дуустал үзэгчдийн хүртээл болгох ажээ.

Хүннү гүрний өв соёлыг илэрхийлсэн үзмэрүүдийн дунд торгон хуйнд боосон хүний гэзэг байсан нь олны сонирхлыг ихэд татаж байсан байна. Түүнчлэн ур хийц шингэсэн алт, мөнгөн ээмэг, зүүлт, Грекийн бурхдын дүрст чимэглэл, бүсний арал, дуут сумны ясан булцуу, хүрэл тогоо ваар, сав тэргүүтэн нь тухайн үеийн хүннүчүүд өндөр соёлтой төдийгүй гадаад харилцаа сайтай байсныг илтгэх ажээ. Нийтийн тооллын өмнөх 209 онд Модун Шанью Төв Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулсан түүхтэй билээ. Тухайн үед Хүннү гүрэн Манжуурын талаас Тэнгэр уул, Цагаан хэрмээс Байгаль нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан ба их, бага 36 улсыг нэгтгэн захирч байжээ.