Орон нутагт зорчих тасалбарыг таван газарт бичнэ


Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь ирэх сарын 1-нээс эхлэн хот хооронд зорчих тасалбарыг бичихээр болжээ. Учир нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн автовокзалын ачаалал нэмэгдсэн тул ачааллыг багасгах үүднээс "Онлайн билет" бичилтийг хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэг дэх "Драгон" автовокзал, Баянзүрх автовокзал, Нарантуул зах, Төмөр замын орон нутгийн билетийн кассын II давхарт, Авто тээврийн газрын II байранд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн бүх чиглэлд, урьдчилгаа билет бичилтийг 20 хоногийн өмнө бичихээр болсон байна. Ингэснээр иргэд өөрийн хамгийн ойрын цэгээс орон нутагт зорчих тасалбараа захиалах боломжтой болж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, тус алба нь хот хоорондын тээвэрлэлтийг 20 аймгийн алслагдсан гурван дүүрэг 32 сум, 65 чиглэлд 45 аж ахуйн нэгж байгууллагын 928 тээврийн хэрэгслээр өдөр бүр тээвэрлэлт гүйцэтгүүлж, зохицуулан, зохион байгуулж ажиллаж буй ажээ.