5.9 метр өндөр морин хуур урлажээ


Мэргэжлийн хуур урлаач Ч.Энх-Отгон 5.9 метр өндөр морин хуур урлажээ.

Үүнийгээ Гиннесийн номд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Өмнө нь тэрээр 3.3 метр өндөр хуур болон гурван метр урттай доомбор бүтээж байжээ. Энэ нь мөн л Монголдоо анхдагч бүтээл юм байна. Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан томоохон бүтээл хийх юмсан гэж олон хоног бодоод, том хуур бүтээх нь зүйтэй гэж шийджээ. Анх 11 метр өндөр байна гэж тооцоолж байсан ч хийх байр сав, материал зэрэгт баригдан 5.9 метр болсон байна. Төрийн алтан соёмбоо толгойд нь залж, 12 жилээ ишинд нь сийлж, хоёр чихэнд нь очир эрдэнэ шигтгэсэн байна. Мөн Засгийн газрын ордон, Сүхбаатарын хөшөө, эрийн гурван наадам, монгол гэрээ хүртэл сийлжээ. Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон бүхий л зүйлийг багтааснаараа онцлог бөгөөд энэ хуураа найман сарын хугацаанд хийсэн ажээ. Энэ морин хуур түүний  тав дахь томоохон бүтээл гэнэ.