Булган аймгаас олдсон бунхныг зэвсэгт харуулаар хамгаалуулна


Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс 6-8 дугаар зууны үеийн Түрэгийн язгууртных байж болзошгүй бунхан олдсон билээ. Энэхүү бунхан нь 40 орчим метр урт хаалгатай, 7.5 метрийн гүнд байрлаж байгаа юм. Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, докторууд Казакстан улсын Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтайн судлалын судлаачидтай хамтран 6 дугаар сараас эхлэн хээрийн судалгаа хийж эхэлжээ.

Археологчид одоогийн байдлаар бунхныг ил гаргахаар 2 метр орчим ухаан байгаа бөгөөд түүхийн хосгүй үнэт бүтээл маш ихээр гарч байгаа юм байна. Тухайлбал, Төв Азийн нутаг дэвсгэрээс тухайн үеийн соёлын талаархи иж бүрэн мэдээлэл өгөхүйц том талбайд зурсан зураг олдож байгаагүй ажээ. Харин энэ бунхнаас олдсон зураг л гэхэд дэлхийн урлагт цоо шинэ хуудсийг нээх хэмжээний бүтээлүүд бөгөөд Төв Азид байхгүй үнэт олдвор гэж дүгнэжээ. Тиймээс уг газарт зэвсэгт харуул хамгаалалт гаргахаар болжээ.