Хүннү улс байгуулагдсаны 2220 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн Булган аймгийн Сайхан сумын нутаг Бүрдэний дов дэрсний балгасыг энэ зун малтан судалсан нь улс орны төдийгүй дэлхий дахины түүхэнд бичигдэх ховорхон олдвор байх магадлал өндөр байгаа гэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Ойг тэмдэглэх Үндэсний хорооны санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр явуулсан ШУА-ийн үндэсний сэдлээс эрдэмтдийн судалгааны экспедицийн судалж илрүүлсэн балгас нь гадуураа том дөрвөлжин шороон хэрэмтэй, хэрмийн төв дунд нэг том дөрвөлжин барилгын үлдэцтэй болохыг тодруулсан байна. Үнээс гадна тус балгас нь өмнө буюу баруун урд талдаа долоон жижиг барилгын үлдэцтэй байсан болохыг тогтоожээ.
Балгас дахь барилгуудын гадуурх шороон хэрэм нь 353 х 397 м хэмжээтэй, урд хэсэгтээ хаалгатай. Судлагааны баг энэ удаа хэрмийн төв дундах 52х57 м хэмжээтэй том дөрвөлжин барилгын үлдэцэд сорилын малтлага хийхэд тэр нь 120 см өндөр шороог дагтаршуулаад, түүн дээрээ 20-25 см зузаан зуурсан шар шавар нүдэж нягтруулан шал хийсэн байжээ. Уг шавар шалан дээр хоорондоо 3-4 метр зайтай чулуун суурьтай модон багана босгож, барилгын тулгуур хийжээ. Уг барилгын хаалга урд зүг рүү харсан ажээ. Эндээс баганын суурь чулуунууд болон шатсан модноос өөр барилгын материал одоогоор илрээгүй байна. Судлаачдын үзэж байгаагаар ийм өндөр довжоотой, маш том хэрэм барилга нь хаад ихэсийн ордон байх магадлалтай гэнэ. Тэгэхдээ "Энэ балгас нь зуны ордон байх үндэстэй" хэмээн эрдэмтэн, судлаачид таамаглаж байна.
Учир нь уг барилга нь гадна дөрвөн талаараа намхан шавар ханатай бөгөөд түүний дээд хэсэг болон дээврийг эсгий буюу бусад зөөлөн эдээр хийж байсан гэмээр байдалтай. Барилга нь олон тасалгаатай байсан гэх баримт олдоогүй. Малтлагын явцаас үзэхэд ганц тасалгаатай танхим байсан болов уу гэх таамаглал дэвшүүлээд байгаа юм байна. Нөгөө талаар хотын ерөнхий байгуулалт, хэрмийг барьж босгосон үйлдэл, арга зэргээс нь үзэхэд "энэ балгас нь Хүннүгийн хотуудын хэв шинжийг хадгалсан" гэж түүхч, судлаачид тайлбарлаж байна. Үүнээс өмнө манай орны нутаг дэвсгэрээс Хүннүгийн том хэрэмтэй, өндөр довжоотой балгас илэрч байгаагүй ажээ. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр илрээд байгаа Хүннүгийн үеийн гэх балгас тууриас энэхүү балгас нь хамгийн томд нь орж байгаа гэдгийг түүхчид онцлон тэмдэглэж байгаа юм.
Энэ барилга бүхий балгас нь Хүннүгийн суурин гэгдэх Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Гуа довын зохион байгуулалттай маш адил төстэй юм байна. Тиймээс эл балгас нь Хүннүгийн зуны ордон байсан байх өндөр магадлалтай. Уг дурсгал оршиж байгаа газар нь зусланд тохиромжтой нутаг гэдгийг эрдэмтэд, судлаачид хэлж байгаа юм. Хуучин сурвалж бичигт "Хүннүгийн шаньюй (хаан) өвөл, зун, намрын гурван зүйл ордонтой" хэмээн тэмдэглэсэн байдаг ч одоо болтол аль нь ч олдоогүй байсан юм.
Хүннү улс байгуулагдсаны 2220 жилийн ойн жилийн хүрээнд зохион байгуулсан Үндэсний хээрийн шинжилгээний анги ийнхүү анх удаагаа Төв азийн нүүдэлчдийн анхны төр улс-Хүннүгийн зуны ордон байх өндөр магадлалтай балгасыг илрүүлсэн байж болохыг үгүйсгэхгүй байна. Харин үндэснийн эрдэмтэн, түүхч судлаачдын хийсэн уг судалгаа үргэлжилж байгаа бөгөөд цаашид ямар чухал үнэт түүхийн дурсгал болох нь гадаадад илгээсэн эд зүйлсийн шинжилгээний үр дүн, хариунаас улам тодорхой болох юм байна.