ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Астан Их Сургуулийн Түрэг-Алтай судлалын төвтэй хамтран Булган аймгийн Баяннуур сумын нутагт буй Улаан хэрмийн “Шороон бумбагар” хэмээх дурсгалыг малтан судалж түүх соёлын хосгүй олдвор олсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-наас гаргасан байна. Уг мэдээлэлд “Улаан хэрмийн шороон бумбагар нь 4.2 метр өндөр, сууриараа 25 м диаметр бүхий гэр хэлбэрийн шороон байгууламж юм. Судлаачид чанх урд талаас үүдэвчийг нь илрүүлж, түүнийг нь цэвэрлэхэд үүдэвчний хонгилын хоёр талын хананд шавар түрхэж, дээр нь зуурсан шохой нимгэхэн нялаад түүнийхээ дээр нь 2 луу, 8 өөр хүн, 2 морь хөтөлсөн хүн, 1 сүм, олон туг дарцаг, бадам цэцэг үхрийн толгой зэргийг улаан, хар хоёр өнгийн шорон будгаар зурсан нь илэрчээ. Ийм ханын зургууд урьд нь Монгол улсын нутгаас төдийгүй энэ бүс нутгаас илэрч олдоогүй юм. Ханын зургууд харьцангуй сайн хадгалагдсан байна. Хоёр талын ханандаа ханын зураг бүхий үүдний хонгил нь 32 метр урт, гүн газраа 7 м, өргөн нь 1.85 м хэмжээтэй үлэмж том маш ховор дурсгал юм. Малтлага үргэлжилж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар 2-3 хоногийн дараа шарил болон дагалдуулсан эд зүйсийг тавьсан газрын доорх бунханд хүрэх ажээ. Урьд нь манай нутгаас ийм том иж бүрэн ханын зураг бүхий дурсгал илэрч байгаагүй бөгөөд хэрэв энэ дурсгалыг эргүүлэн булах аваас ялангуяа ханын зургууд муудах аюултай гэж судлаачид үзэж байна. Олон улсын туршлагаас үзвэл ийм төрлийн дурсгалын дээр хамгаалалтын барилга барьж, зураг бусад дурсгалуудыг бэхжүүлж, заримыг нь сэргээн засварлаад ил музей болгодог байна. Тийм ил музей Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсад бий. Судлаачид энэ дурсгалыг урьдчилсан байдлаар, монгол нутагт VI-VIII зуунд оршиж тогтнож агсан Түрэг улсын үед хамаарна хэмээн үзэж байна. Уг дурсгал мянганы замаас 15 км зайтай байгаа нь хүн үзэж сонирхоход тохиромжтой гэж судлаачид үзэж байна. Цаашид бунхан нээгдсэн үед илэрч болох дурсгалын талаар одоо энд өгүүлэх боломж тун бага юм. Ямартай ч томоохон язгууртаны дурсгалд зориулсан бунхант цогцолбор ажээ” гэсэн байна.