БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлалын хөтөлбөрт багтсан анхаарал татсан зүйлийн нэг нь хоёр орны ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн явдал юм. Тэд ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар тус тусдаа мэдээлэл хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын талаар тойм мэдээлэл хүргэсэн. Монгол Улс, БНСУ-ын харилцааны хөгжил, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, олон асуудалд нэгдмэл байр суурьт хүрчээ. Манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбар болон бүс нутаг, олон улсын тавцанд эрчимтэй өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа хэлэлцээрийн явцад талууд дахин нотолсон байна. Хоёр орны иргэд хоорондын харилцаа, хүмүүнлэгийн салбар эрчимтэй хөгжиж байгааг уулзалтаар цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ чиглэлээр шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал байгааг талууд онцолжээ. Үүний нэг нь иргэдийн харилцан зорчих визний асуудлыг хөнгөвчлөх, хялбаршуулах асуудал агаад энэ тал дээр хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцсан байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжихэд зориулж 300 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Солонгосын талаас олгохоор болжээ.