УИХ, Засгийн газраас батлан хэрэгжиж буй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд зүүн бүс нутгийг хөгжүүлэх гол чиглэлийн нэг нь аялал жуулчлал гэж заасан билээ. Монгол орны зүүн бүс нутгийн хил орчим нь аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой байгаль,түүх соёлын дурсгалт газар олон байдгаараа онцлог юм. Энэ бүс нутагт аялал жуулчлалын багш,судлаачдын нийгэмлэг 11 жилийн дараа “Сувдан сондор-7” нэртэй аяллыг зохион байгуулах гэж байна. “Сувдан сондор-7”аяллын маршрутын хувьд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дурсгалт газрууд болох Дэлүүн болдог, Халхын гол, Алтан-Овоо, Шилийн богдод судалгаа шинжилгээ хийх зорилготой юм. Энэхүү аяллыг анх “Соёл” яруу найргийн академийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо санаачлан 1994-1999 онд зохион байгуулж байжээ. Багийн бүрэлдэхүүнд эрдэмтэн, багш, судлаач, яруу найрагч, NTV телевиз, хувь хүн, албан байгууллага багтаж байна. Аялал хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 26-нд Төв шуудангийн урдахь авто замын төв цэгээс уламлжлал ёсоор гараагаа эхэлнэ.