Төв Азийн түүхэнд анх удаа зурагт бунхан олдлоо


Булган аймгийн Баяннуур сумын нутгаас МЭ VI-VIII зууны үе буюу Түрэг улсын үеийн Уйгарын язгууртных байж болзошгүй 40 см урт үүдэвчтэй, 7.5 метрийн гүнд байрлалтай бунхан олджээ.

Төв Азийн бүс нутгаас өмнө нь ийм том хэмжээний ханын зурагтай үүдэвч бүхий бунхан олдож байгаагүй ажээ. Тус газарт ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, докторууд, Казахстан улсын Астана хот дахь Евро Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлал төвийн судлаачид хамтран өнгөрсөн зургадугаар сараас хээрийн судалгаа явуулжээ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Булган аймгийн Баяннуур сумын нутагт буй улаан хэрмийн “Шороон бумбагар” хэмээх энэхүү дурсгалыг эх сурвалж болон бусад судалгаа, өөрсдийн гаргасан төлөвлөгөө, арга зүйн зургаа түшиглэн үүдэвч байж болзошгүй гэсэн газраас малтлагаа эхлүүлсэн байна. Энэ нь маш оновчтой сонголт болсон агаад малтлага үүдэвчнээс хагас метр ч зөрөөгүй гэнэ.