Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав санаачлан хийддээ 80 тохой Майдар бурханыг дуганы хамт сэргээн бүтээх ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү Майдар бурхан нь 16 метр орчим өндөр байх агаад эх загварыг нь Өндөр гэгээн Занабазарын тигээр барималч Н.Оргил урлаж, дуганы загварыг архитектор Д.Балдан гаргасан байна. Майдар бурханыг цутгаж бүтээх ажлыг Түвдэд хийж буй бөгөөд дуусах шатандаа орсон бол Дашчойлин хийдийн хашаанд дуганы барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Майдар бурхан болоод түүний дуганыг сэргээн бүтээхдээ уламжлалт хэв маягийг хадгалж, орчин үеийн дэвшлийг тусгасан, шашин, соёлын үйл ажиллагаа эрхэлж болохуйц хэлбэр хийцтэй барихаар төлөвлөөд байгаа ажээ.