Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр ес дэх жилийнхээ элсэлтийг авч эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 20-22 шилдэг залууг шалгаруулан хөтөлбөрт хамруулж, эх орондоо ардчиллыг гүнзгийрүүлэхэд эрдэм мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулах боломж олгодог байна. Эгнээндээ 160 гаруй залууг нэгтгээд буй тус хөтөлбөрийн онцлох нэг хэсэг нь хөтөлбөрийн явцад оролцогчид багт хуваагдан өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг бөгөөд сургалт нь үнэ төлбөргүй ажээ. Ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй “Залуу манлайлал” хөтөлбөрийг АНУ дахь “Зориг сан” болон “ХААН банк сан” олон жилийн туршид дэмжин санхүүжүүлж иржээ. Энэ жилийн хөтөлбөрийн бүртгэл есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм байна.