Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газартай хамтран 2 дахь жилдээ өөрийн эх орондоо зохиосон “Mongolian Bike Challenge-2011” олон улсын уулын дугуйн уралдааны ялагчид тодорлоо. Говь, Хангай хосолсон нутгаар Итали, Испани, Канад, Франц зэрэг 12 орны 60 гаруй тамирчин 12 өдрийн турш 1200 гаруй км замд долоон төрлөөр уралдсан байна. Тус тэмцээнд Италийн тамирчин Марзио Дехо түрүүлж “Mongolian Bike Challenge-2011” уралдааны хошой аварга болжээ. Тэрбээр нийт замаа 39 цаг, 14 минут, 48 секундэд туулсан байна. Канадын дугуйчин Кори Уоллос, Крейг Ричи нар удаалжээ. Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь М.Уламбаяр бөгөөд тэрээр 18 дугаар байранд орсон байна.