Энэ сарын 24-27-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”–ыг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Наадмын эхний өдрүүдэд Дэлхийн Монголчуудын хуралдай болох ажээ. Энэ хуралдайг зохион байгуулах “Дэлхийн Монголчуудын чуулган” байгууллагыг 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулжээ. Наадамд дэлхийн 28 орноос 120 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд АНУ-ын конгрессын гишүүн, БНСУ-ын үндэсний ассамблейн гишүүн зэрэг олон хүн хүндэт зочноор оролцох юм байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Буриадад энэхүү арга хэмжээ болсон бол энэ жил хоёр дахь удаагаа Монголд хийхээр болжээ. Үүнээс өмнө Халимаг улс болон Европт байгаа Монголчуудаа түшиглэн Австри улсад зохиож байсан юм. Энэ тухай ГХ-ийн сайд Занданшатар “Нэг гарал үүсэлтэй Монгол туургатнууд энэ жил тохиож буй их ойнуудаа хамтран тэмдэглэх юм. Дэлхий даяар арав орчим сая Монголчууд олон улс орнуудад амьдарч байна. Тиймээс олон ойгоо Монгол улсынхаа хэмжээнд төдийгүй дэлхийн нийт Монгол туургатнуудынхаа хэмжээнд хамтран тэмдэглэж байгаагаараа энэ их наадмын онцлог оршиж байна” гэлээ.