Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар дэлхийн монголч эрдэмтэд өнөөдөр Төрийн ордонд чуулж, монголчуудын ёс заншил, соёл боловсол, ахуй амьдралын талаар санал солилцоно. Нүүдэлчдийн өвөрмөц соёл болон орчин цагийн монголчуудын талаар дэлхийн эрдэмтэд ухаанаа уралдуулж, санал солилцох энэ чуулга уулзалт Монголын түүхийн олон тэгш ой зэрэг тохиосон үеэр тохиож байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч нэлээд ач холбогдол өгч байгаа ажээ. Уг чуулга уулзалтын олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа хэсэг нь Хүннү гүрнээс хойшхи Монголын түүхийн бүх үеийг хамарсан судалгаа, шинжилгээний асуудлаар орон орны эрдэмтэд сонирхолтой илтгэлийн хэсэг хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид тодотгож байлаа. Мөн Дэлхийн монголчуудын чуулганы V хуралдаан болон Хүннү гүрнээс гаралтай улс түмний энхийн наадмын талаар өнөөдөр ГХ-ны сайд Г.Занданшатар мэдээлэл хийнэ. Энэ үеэр нүүдэлчний болон орчин цагийн монголын соёлын талаар олон улсын эрдэмтэн мэргэд саналаа солилцох ажээ.