Уран
бүтээлчид ирэх 12 сарын 29-ний өдөр тохиох Үндэсний эрх чөлөөний
100 жилийн ойд зориулж “Богд хаан” киног бүтээж байна. Монголын урлагт анх удаа
Богд хааны түүхэн киног түүх сөхөж элдэв хачиргүй бүтээж байгаа нь энэ аж.
Энэхүү кинонд хувьсгалыг манлайлан удирдаж зохион байгуулан эрх чөлөөт Монгол
Улсыг байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний үнэн бодит амьдрал,
туулсан замыг хүүрнэн өгүүлдэг байна. Киноны бэлтгэл ажлыг Үндэсний кино
урлагийн академи хоёр жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж, 60 хүний
бүрэлдэхүүнтэй киноны зураг авалтын баг гарчээ. Богд хаан киноны зураг авалтыг
Булган аймаг, Амарбаясгалант хийд зэрэг Монголын үзэсгэлэн хосолсон газруудад
хийх юм байна. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр бичиж,
ерөнхий найруулагчаар нь Бямбаагийн Батбаяр, ерөнхий зураглаачаар Зундуй,
Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа нар ажиллаж байгаа аж. Жүжигчдийн
хувьд тайз дэлгэцнээ танил болсон нэртэй жүжигчдээс гадна шинэ залуу уран
бүтээлчид оролцож буй юм байна. “Шинэ бүтээл бүхэн шинэ мэдрэмж төрүүлж, шинэ
залуу үеийг гаргаж өгөх хэрэгтэй” гэдгийг ч найруулагч “Богд хаан” кинондоо
тусгахыг хичээжээ. Хөгжмийн зохиолчоор нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,
хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа аж.