Манай
улс дөрвөн жилд нэг удаа гол усаа тоолдог. Энэ жилийн усны тооллогыг Усны
газрынхан зургадугаар сарын 16-наас долдугаар сарын 7-ны хооронд хийж дуусгаад
байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус тооллогын дүнг нэгтгэж дуусаагүй ч
Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг аймгийн усны тоо бүртгэлийн мэдээлэл гарчээ.
Тухайлбал, Булган аймагт энэ жил нийт усны 2297 цэгийг хамруулан тоолоход 485
нь гол горхи, 699 булаг, 52 рашаан, 106 нуур болон өрөмдмөл худаг 373, богино
яндант худаг 173, энгийн уурхайн худаг 463, цэвэрлэх байгууламж гурав, услалтын
систем тав, үерийн хамгаалалтын далан хоёр, цооног хоёр тус тус бүртгэгджээ. Энэ онд бороо хур элбэг байсантай холбоотойгоор гол горхины 80 орчим хувь нь
сэргэсэн таатай мэдээлэл байна. Тодруулбал, тус аймгийн 31 гол горхи, 37 булаг,
есөн нуур сэргэжээ. Гэвч хуучин урсаж байсан 51 гол горхи, 23 нуур, 205 булаг,
гурван рашаан хатаж ширгэсэн байна. Усны тооллогын нэгдсэн дүн ирэх сард гарах
аж.