Алтайн хязгаарын нэгэн агуйгаас 1970-аад оны эхээр олдсон нохойны гавлын ясыг ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд АНУ-ын Аризона мужийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран судалжээ. Ясны бүтцийг шинжилж үзсэний дүнд тэд нохойг 34 мянган жилийн өмнө амьдарч байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. “PloS ONE” сэтгүүлд мэдээлснээр Бельгийн Гойе хэмээх агуйгаас олдсон нохойны яс Алтайн хязгаараас олдсон гавлын ястай бүтцийн хувьд ижил байжээ. “Алтайд амьдарч байсан энэ нохойны гавлын ясны хэлбэр одоогийн чонынхоос өөр болохыг шинжилгээ судалгааны явцад тогтоосон. Эрт дээр үед амьдарч байсан зэрлэг ноход одоогоос 26 мянган жилийн өмнө болсон их хүйтнийг ч туулж гарсан бололтой. Харин их хүйтний дараа ойролцоогоор 17-18 мянган жилийн өмнө хүмүүс нохойг гэрийн тэжээмэл амьтан болгосон” хэмээн тус сэтгүүлд бичсэн байна.