Английн сайд Монголд мориор уралдаж амарна

Их Британийн Засгийн газрын нэг сайд энэ зун амралтаа Монголд өнгөрөөхөөр шийджээ. Тэрээр Сайд нарын танхимын гишүүн, Умард Ирландыг хариуцсан сайд Оуэн Пэтерсон агаад Монголд амрахдаа олон хоногийн морин уралдаанд оролцохоор одооноос бэлтгэлээ базааж эхэлсэн байна. “The Independent” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр наймдугаар сард Монголд болох 10 хоногийн уралдаанд эхнэр Рөүзийн хамт оролцох бөгөөд “Эр хүний чадлыг шалгасан уралдаан болно. Айраг гэдэг юмнаас өөр уух юм олдохгүй л болов уу. Тэр нь гүүний бүлсэн сүү шиг юм билээ” гэж ярьжээ. Түүний оролцохоор бэлтгэж буй “Mongol Derby” нь Монголд жил бүр зохиогдож буй холын зайн морины уралдаан юм. Өөрөөр хэлбэл мориор 1000 гаруй км зам туулдаг. Зохион байгуулагчдын өгүүлж буйгаар тус уралдаан нь 800 жилийн өмнө Чингис хааны үндэслэсэн өртөө замын дагуу болох юм байна. “Арван өдрийн замд гол тааралдвал тоос шорооноосоо салах ганц боломжтой газар тэр болно. Түүнээс халуун ус энэ тэр маньд олдоно гэж байхгүй” хэмээн О.Пэтерсон ярьжээ.