Монгол, Хятадын сэтгүүлчид цөлжилтийн эсрэг нэгдлээ

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар манай улсад БНХАУ-ын сэтгүүлчид өчигдөр хүрэлцэн иржээ. Тэд Монголын сэтгүүлчидтэй хамтран “Цөлжилттэй тэмцэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт форум зохион байгуулах гэнэ. Форум Хангарьд ордны хурлын зааланд өнөөдөр болох юм байна. Энэ үеэр Монгол, Хятадын сэтгүүлчид цөлжилтийн өнөөгийн байдал, үүнтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо ямар байх талаар илтгэл, хэлэлцүүлж, харилцан туршлага солилцох ажээ. Форумын гол зорилго нь цөлжилтийн эсрэг төр ямар бодлого барьж байгаа болон нийгэм хэрхэн хөдлөх талаар сэтгүүлчид дуу хоолойгоо хүргэх юм байна. Хятадын сэтгүүлчид цөлжилттэй тэмцэх арвин туршлагатай. Тэд долоо хоногийн турш цөлжилтийн талаар хэлэлцэж, ажиллахаас гадна манай орны байгаль, аж ахуйтай танилцах юм байна.