Хөөмийн олон улсын холбоо байгуулагджээ

Лондон хотноо Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол хөөмийг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ "Монгол хөөмийн соёлын өв" анхдугаар бага хурал боллоо. “Монгол хөөмийн соёлын өв” бага хурлын ажиллагааг нээж элчин сайд Б.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Монголчууд бидний бахархал, соёлын өв болох хөөмийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн явдал нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн сайхан үйл явдал болсон гээд бид энэхүү соёлын өвийг өөрийн болгож дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн үндэстний хувьд түүнийг дэлхий нийтэд сурталчилан таниулах, түгээх ажлыг тасралтгүй хийж байх ёстой” гэжээ. Бага хуралд МУСГЗ, хөөмийч Д.Цэрэндаваа монгол хөөмийн гарал үүсэл, түүхийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөөмийг 6 төрөлд хэрхэн ангилах тухай сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүний илтгэлийн дараа Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн, доктор, хөөмий судлаач Карол Пэгг хөөмийч Д.Цэрэндаваагийн илтгэлд дурдагдсан хөөмийн гарал үүсэл, түүхэн замнал болоод төрөл жанарын асуудлыг монгол, британи судлаачдын судалгаагаар харьцуулан гаргаж танилцуулав. Доктор Карол Пэгг илтгэлдээ хөөмийг дэлхий нийтэд сурталчилан таниулах ажлыг хийхийн зэрэгцээ хөөмийчдийн хойч үеийг бэлтгэх, хөөмийн өлгий нутгаа хадгалж үлдэх, түүнийг хойч үедээ өвлүүлэх асуудалд төр засгаас анхаарах, өргөн хүрээтэй ажиллахын чухлыг онцоллоо.