Сэтгэлээ сэргээж, алжаал тайлах сайхан байгальтай дэлхийн шилдэг арван газрыг CNN нэрлэжээ. Үүнд Монголын бөө, удгануудын өлгий нутаг Хөвсгөл аймаг багтсан байна. Шилдэг аравт Энэтхэгийн Амарнатх агуй, Индонезийн Бали арал дахь эмчилгээ сувилгааны газар, Египетийн Синай цөлийн аялал, Их Британийн Сассекс дэх эрүүлжүүлэх хөтөлбөр, Испанийн Santiago de Compostela сүм, Ираны Шираз дахь мэргэ төлгийн төв, Их Британийн Корнэулийн хүрхрээ, Японы Койасан буддын сүм, Монголын бөө, цаатны өлгий Хөвсгөл нутаг, Энэтхэгийн Кажурао эртний сүм хийд зэрэг газрууд багтжээ.
CNN-ийн танилцуулгад “Монголын хойд хэсгээр амьдардаг цаатнууд цаа бугын аж ахуй эрхэлж амьдардаг. Цаатан ард түмний дунд олон бөө бий. Бөө удганууд өвөг дээдсийнхээ сүнс болон байгаль дэлхийтэй харилцаж чаддаг бөгөөд бөөгийн дуудлага, тахилга зэрэг олон ёс заншил үйлддэг. Нутгийн ард олон тэднээс амьдралд тулгарч буй бэрхшээлтэй зүйлийнхээ талаар асууж зөвлөгөө авдаг байна. Хэрэв та энэ аялалд оролцвол Хөвсгөл нуурын дагуух уул нуруу, хээр талаар аялаж, цаатан ард түмний амьдралтай танилцана. Мөн алжаал ядаргаагаа тайлж, ихээхэн эрч хүч авч чадна” гэж бичсэн байна.