13-р зууны морьтон баатрууд Агуут уулын энгэрт амилж эхэлжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдог дахь Чингис хаааны морьт хөшөөний баруун талд Агуут уулын энгэрт “Түмэн хишигтэн” хөшөөт цогцолборыг “Женко тур бюро” компани, Францын “Лапарж” групптэй хамтран бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Хоорондоо гурваас таван метрийн зайтай арван мянган морьт баатар, хатад, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүхий 13-р зууны үеийн монголчуудын ахуй амьдралыг тусган харуулсан хөшөөт цогцолборыг нийт 140 га газарт сүндэрлүүлэх ажээ. Цогцолборыг 5 жилийн хугацаанд барьж дуусгах бөгөөд судалгааны ажлыг 2 жилийн өмнөөс эхлэн хийжээ. Тэгвэл хэд хоногийн өмнөхөн төслийн багийнхан цогцолборыг босгох ажлаа эхэлсэн байна. Одоогоор тохижилтын ажил нь дуусах шатандаа явж байгаа юм байна. “Түмэн хишигтэн” төслийн багийнхны хэлснээр “Дэлхийн эртний болон өнөөгийн гайхамшигт барилга байгууламж, хөшөөг бүтээхдээ үндэснийхээ бахархал, түүх соёл, уламжлалаа хойч үедээ сануулж өвлүүлэн үлдээхэд чиглэдэг. Гэтэл бид олон зууны агуу түүхтэй ард түмэн атлаа бахархах зүйлс тун ховор байна. “Түмэн хишигтэн” төслийг хэрэгжүүлснээр хүүхэд залуус, гадны иргэд болон хойч үедээ үндэстний баатрууд, үндэсний ёс заншил болон уран баримлын гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн түүхийн хуудаснаас л унших болсон өвөг дээдсийнхээ сүр хүчийг бодитоор нь харах болно” хэмээн үзэж буй ажээ. Агуут уулын энгэрт сүндэрлэх арван мянган цэргийн хөшөөг хүрлээр хийх бөгөөд цэрэг бүр өөр өөрийн төрхтэйгөөрөө онцлог гэнэ. Ямартай ч 13-р зууны үеийн тэртээх мориноосоо буулгүйгээр дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн морьтон баатрууд Агуут уулын энгэрт амилж эхэлжээ.