Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний их баяр наадмын
босгон дээр энэхүү таатай мэдээг ард түмэндээ дуулгаж байна.
Засгийн газрын тэргүүний урилгаар манай оронд айлчилж байгаа ЮНЕСКО-гийн
ерөнхий захирал Ирина Бокова хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн
жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэсэн батламж бичгийг Монгол
Улсын Ерөнхий сайд С. Батболдод өнөөдөр гардуулан өглөө. 2010 оны 11
дүгээр сард Кени улсад хуралдсан соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар
хоорондын хуралдаанаар Монгол Улсаас гурван өв бүртгэгдсэний нэг “Монгол
үндэстний баяр-Наадам” байсан ажээ.
Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний
баяр – Наадам” –ыг бүртгэсэн батламж бичигт:
Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын
Хороо нь “Монгол үндэстний баяр – Наадам”-ыг Хүн Төрөлхтний Биет бус
соёлын өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэн авав.
Энэ жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэснээр
түүний дэлхийн дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг
хүндэтгэх соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь
нэмрийг нь улам бүр өргөх болно”гэж тодорхойлон бичиж ЮНЕСКО-гийн Ерөнхий
захирал хатагтай Ирина Бокова гарын үсгээ зуржээ.