Наадам дөхөхөөр Монгол Улсыг зорих жуулчдын тоо огцом нэмэгддэг. Аялал жуулчлалын үндэсний төв Хил хамгаалах ерөнхий газартай хамтран энэ оны эхний хагаст хүлээж авсан жуулчдын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг гаргажээ. 2011 оны эхний хагас жилд нийт 230 гаруй мянган гадаадын иргэн манай оронд зочилж, аялал жуулчлалын салбараас Монгол Улс 88 сая ам.долларын орлого олжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ирсэн зорчигчдын тоо 10.5 хувь өссөн бол Өмнөд ба зүүн Ази, Номхон далайн орнуудаас хамгийн олон буюу 110 мянган хүн Монголд зочилсон байна. Улсаар нь авч үзвэл хоёр хөршөөс хамгийн олон буюу БНХАУ-аас 101800, ОХУ-аас 44363 жуулчин иржээ.