Амбагай хааны тухай роман хэвлэгджээ


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Жамъян “Тэнгэрийн чулуу” хэмээх зөн билгийн романыг Хамаг Монголын сэцэн билэгт Амбагай хааны мэндэлсний 880 жилийн ойд зориулан бичжээ. Монголын хаадын түүх шашдир “Монголын нууц товчоо”-нд Хамаг Монгол Улсын их хаан Амбагай хүндтэй байр суурь эзэлдэг. Хамаг Монгол Улсыг үүсгэн байгуулсан Хабул хаан өөрийн авга ах Сэнгүм билэгийн хөвүүн Амбагай хааныг ор залгуулж, Хүн удамт төрт ёсны алтан аргамжийг атгуулсан байдаг. Амбагай хаан бол сэцэн билэгт нэгэн бөгөөд хөвүүн Хотулад Хамаг Монголын хаан ширээгээ залгамжлуулан үлдээсэн нь гүн гүнзгий утга учиртай билээ. Энэхүү залгамж халаа нь Амбагай хаан боржигон овгийн алтан аргамжийг хэлхэж өгсөн, төр барих Их хуралдайг үргэлжлүүлсэн, Их Монгол Улс байгуулагдах суурь үндсийг тавьж өгсөн төдийгүй их эзэн Чингис хааныг оюун санааны хувьд “төрүүлсэн” гэдгийг зохиолч уран сайхны аргаар дүрслэн өгүүлжээ. Амбагай хаан Алтан улсад цовдлуулахдаа монголчуудыг нөхөр, дайсан хоёроо ялган танихыг ухааруулж, мөнхийн захиас хэлсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн юм.