Сүхбаатар аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд, Дундговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 29-30-нд, Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 22-23-нд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ. Наадмын хугацааг өөрчлөх шалтгаан аймаг бүрт өөр өөр байна. Тухайлбал Сүхбаатар аймаг иргэддээ Ардын хувьсгалын 90 жилийн ой болон бүсийн хурдан морьдын уралдаануудад оролцох боломж олгохоор хугацааг нь нааш татах хүсэлт гаргасан байна.Харин Дундговь аймагт сүүлийн жилүүдэд газрын гарц муу, бороо хур багатай байгаагаас зуншлага тааруу, нөгөө талаар малчид нь Төв, Говьсүмбэр аймагт отроор явж байгааг харгалзан үзэхийг хүсчээ. Өмнөговь аймгийн хувьд аймаг байгуулагдсаны 80 жилийнхээ ойн баярыг 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тэмдэглэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хурал нь шийдвэрлэж бэлтгэл ажлаа хангаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилсан байна.
Говь-Алтай аймгийнхны наадам ердөө 9 хоногийн дараа болно. Харин их сунгаагаа энэ сарын 29-нд зохион байгуулах ажээ.
Баруун бүсийн даншиг наадам энэ жил Увс аймагт болох ажээ. Учир нь тус аймгийн 80 жилийн ой тохиож байгаа ба ирэх сарын 28, 29-нд болох наадмын бэлтгэл эхэлсэн байна.
Дорноговьд говийн бүсийн даншиг наадам болох ба аймгийнхаа 80 жилийн ойтой хамтатган долдугаар сарын 29, 30-нд тэмдэглэх гэнэ.
Дорнод аймагт зүүн бүсийн наадам болно. Мөн л тэгш ой нь давхцаж байгаа тул ирэх сарын 29, 30-ныг сонгосон байна. Дархан-Уул аймгийнхан 50 жилийн ойгоо наадамтайгаа хамт ирэх сарын 23-25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Орхон аймаг байгуулагдсаны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд аймгийн наадмаа ирэх сарын 8, 9-нд хийхээр товложээ.
Говьсүмбэрийнхэн аймгийнхаа 20, Сүмбэр сумын 80 жилийн ойн баяраа наадамтайгаа хамт ирэх сарын 29, 30-нд тэмдэглэхээр болжээ.
Ховд аймгийн наадам долдугаар сарын 22-нд болно. Харин Сэлэнгэчүүд энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэх ба наадмаа долдугаар сарын 22-23-нд ойн баяртайгаа хамт аймгийн төвд хийх ажээ.