Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар дуусч байна


Төв цэнгэлдэх хүрээлэн 12377 хүний суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жилийн наадмын тасалбар сүүдрэвчтэй хэсэг нь 24 мянган төгрөгийн үнэтэй бол сүүдрэвчгүй хэсэг нь 13-15 мянган төгрөг байх юм. Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан. Харин баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарыг өчигдрөөс эхлэн зарж эхэлжээ.
Соёлын төв өргөөний кассаар худалдаалж байгаа наадмын тасалбар дуусч байгаа ажээ. Иргэд нээлтийн ажиллагааны тасалбар авахаар урт эгнээ, дараалал үүсгэн оочерлож байна.
Харин өчигдөрийн байдлаар Төв цэнгэлдэхийн 6, 7-р секцийн хаалгаар орох суудал үлдсэн байна. Уг секцийн тасалбарыг гурван багцаар нь 13 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг энэ жил дугаарласан тул 12.377 суудлын тоогоор тасалбар борлуулж байгаа юм байна. Харин тасалбартай наадамчид нээлтийн тоглолт суудлаа эхлэхээс өмнө эзэлсэн байх ёстой аж. Түүнчлэн энэ жилээс эхлэн таваас дээш насны хүүхэд тасалбар авахаар болжээ.