Монголын эзэнт гүрний үеийн баатрын хөө хуяг болон тухайн үеийн монголчуудын уламжлалт зан үйл, амьдралын хэв маяг, зан заншилтай холбоотой 100 гаруй үзмэр дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болсон ба энэхүү үзэсгэлэн эх орондоо ирэх гэж байна. 2009 оны 2 дугаар сард АНУ-ын Хьюстоноос гараагаа эхэлсэн тус үзэсгэлэн Денвер, Сан Хосе хот болон Сингапур улсад гарч 300 гаруй мянган үзэгчийн хүртээл болсон байна. БСШУЯ, Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын “Динодон” компани хамтран тус үзэсгэлэнг энэ сарын 10-наас аравдугаар сарын 10 хүртэл Монголын үндэсний музейд дэлгэхээр болжээ. Үндэсний музей, Монгол цэргийн музей, Үндэсний номын сан, “Хархорум” музей болон ОХУ-ын музейгээс авчирсан үзмэр болон эртний эдлэл цуглуулагчдад хадгалагдаж буй түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг багтааснаараа энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой ажээ.