Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ жилийн наадмыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Уг ажлын хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, МУИС хамтран энэ сарын 5-9-нд монгол туургатны өдрүүд арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Монгол бичиг, цагаан идээ, язгуур урлаг, үндэсний хувцасны өдөр болж, түүх соёл, ёс заншлаа залуу үеийнхэнд таниулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна каллиграфийн үзэсгэлэн, “Монгол бичиг” сэдэвт шүлгийн тэмцээн зохион байгуулах ажээ.